Нэг. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотыг дөрвөн районд бүсчилэн хувааж, засаг захиргааны зохион байгуулалтыг өөрчилсний дагуу мөн оны 6 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан Найрамдлын районы Ардын Депутатуудын хурлын анхдугаар хуралдаанаар Найрамдлын районы Ардын шүүхийг үүсгэн байгуулжээ.
Шүүхийн анхны даргаар Д.Алтангэрэл, шүүгчээр Г.Цэдэндамба, ардын төлөөлөгчөөр Д.Цэвээнравдан, нарийн бичгийн дарга Ж.Дашдаваа, бичээч Д.Ишбалжир, зарлага Д.Цэвэлмаа, тогтоол гүйцэтгэгч Н.Будхүү нар ажиллаж байв.
Найрамдлын районы шүүхийн даргаар:
Д.Алтангэрэл- /1965-1969 он/
Л.Сүрэнхорлоо -/1969-1972 он/
Д.Минжүүр – /1972-1973 он/
Д.Дашдорж – /1973-1984 он/
Ц.Сайнбаяр – /1984-1989 он/
С.Ичинхорлоо -/1984-1989 он/ нар тус тус ажиллаж байсан.
Хоёр. 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай” хуулиар Найрамдалын районы Ардын шүүхийг “Баянзүрх дүүргийн шүүх” гэсэн нэртэйгээр шинэчлэн байгуулсан бөгөөд 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулснаар Дүүргийн 3 дугаар шүүх буюу “Баянзүрх дүүргийн шүүх” хэмээн нэрлэх болжээ.
Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр:
Л.Даваасүрэн- /1993-1996 он/
Д.Цэвээнцэрэн-/ 1996-2001 он/
Ё.Цогтзандан-/ 2001-2009 он/
Б.Баатар-/ 2009-2013 он /
С.Амардэлгэр -/2016-2020 он/ нар тус тус ажилласан байна.
Гурав. 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”-/Шинэчилсэн найруулга/-иар “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх”-ийг байгуулав. Тодруулбал, Баянзүрх дүүргийн шүүх, Сүхбаатар дүүргийн шүүх, Чингэлтэй дүүргийн шүүхүүд нэгдэж улмаар иргэний хэргийн дагнасан шүүх болсон юм.
Мөн 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн учир энэ өдрөөс эхлэн “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх” гэсэн нэршилтэй болж үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
Дээрх хугацаанд буюу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Монгол Улсын Гавьяат хуульч Б.Баатар ажиллаж байсан болно..
Дөрөв. 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Шүүх байгуулах тухай хууль”-д өөрчлөлт оруулах тухай хуулиар, “Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх” байгуулагдан одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Амардэлгэр 2016 оноос томилогдон ажилласан байна.
“Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”, УИХ-ын 2016 оны “Анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоо батлах тухай” 42 дугаар тогтоол, МУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 67 дугаар зарлигийн үндсэн дээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Ерөнхий шүүгч, 16 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажиллаж байв.
Тав. Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т … “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгох” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 351 дүгээр тогтоолоор тухайн шүүхийн шүүгч Ц.Цэрэндуламыг олонхийн саналын дагуу Ерөнхий шүүгчээр сонгон баталлаа.
Шүүгчийн орон тооны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай” 03 дугаар зарлигаар тус шүүхэд 1 шүүгч нэмж томилогдсоноор 17 шүүгчийн бүрэн орон тоотойгоор ажиллаж эхлэв.
Одоо тус шүүхэд ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам, шүүгч З.Баярмаа, Д.Батцэцэг, Т.Болормаа, Д.Ганболд, Т.Ганчимэг, Г.Бямбажаргал Б.Мандалбаяр, Н.Сарангүн, Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор, Б.Ундраа, Л.Энхжаргал, Т.Энхжаргал, Д.Янжиндулам нар ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх