Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Мэдээлэл лавлагааны албаны мэргэжилтэний
Холбогдох утасны дугаар: 7000-9104
Шүүхийн мэдээлэл, лавлагааны алба нь бүх шатны шүүхийн нэгдүгээр давхарт, олон нийтэд харагдахуйц ил газар байрлах ба “ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА” гэсэн хаягийг тодоор бичиж байрлуулна. Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг алба нь шүүхийн газар, хэлтсийн бүтцэд багтаж ажиллана. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, шүүн таслах ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, бүх шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албатай мэдээллийг компьютерийн сүлжээгээр солилцоход Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны үйл ажиллагаа чиглэгдэнэ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 68 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Шүүхийн мэдээлэл лавлагааны ажиллах журмыг баталсан бөгөөд тус журмаар шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон мэдээлэл, лавлагааны мэргэжилтний ажил, үүргийг тодорхойлсон юм.
Мэдээлэл, лавлагааны алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
* Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд шуурхай мэдээлэх, нээлттэй байлгах;
* Шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх;
* Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өгөх, шүүхээс эрхлэн гаргаж буй ном товхимол, сэтгүүлийг олон нийтэд сурталчлах;
* Холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгөх;
* Шүүхийн архивыг хариуцан ажиллуулах;
* Мэдээлэл, лавлагааны алба нь шүүхийн номын сан, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай байна.
Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд зөвхөн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй болохыг иргэн Та анхаарах хэрэгтэй. Харин хууль зүйн зөвлөгөө хэрхэн авч болох арга замыг зааж өгч болно. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой дараах төрлийн мэдээлэл, лавлагааг өгөх үүргийг хүлээнэ. Үүнд:
* Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар;
* Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;
* Тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар;
* Хэргийн оролцогчдын эрх, үүрэг;
* Хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан;
* Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;
* Шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;
* Шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;
* Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа;
* Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар;
* Холбогдох хуулийн талаарх мэдээлэл.
Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг алба нь шүүхийн газар, хэлтсийн бүтцэд багтаж ажиллана. Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны талаарх асуудлаар харъяалах дээд шатны байгууллага болох тамгын газар, хэлтсийн даргад хандаж болно. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь “Шүүхийн мэдээллийн самбар”-ыг ажиллуулах бөгөөд үйл ажиллагааны хүрээн дэх бусад ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
Нэхэмжлэл бичих загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, тэмдэгтийн хураамжийн хуулийн холбогдох заалт, торгууль, хураамж төлөх дансны дугаар, шүүхийн удирдлагаас иргэдийг хүлээн авч уулзах хуваарь, шүүх хуралдааны тов зэргийг “Шүүхийн мэдээллийн самбар”-т заавал байрлуулна. Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон бусад шүүх эрх мэдлийн байгууллагаас эрхлэн гаргадаг “Монголын төр эрх зүй”, “Дээд шүүхийн мэдээлэл”, “Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”, “Шүүх эрх мэдэл” сэтгүүл болон бусад ном, хэвлэлийн талаар мэдээлэл өгнө.
Шүүхийн үйл ажиллагааны талаар төрөлжсөн санд ороогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээд авахыг хүсвэл ямар албан тушаалтантай уулзах, уулзалтын цагийн хуваарь, уг мэдээлэл байгаа вэб сайтын хаяг зэргийг мэдээлнэ.