БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Ажилтанд олгосон орон сууцны төлбөрийг шаардсаныг үндэслэлгүй гэж үзэв

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар:          Шийдвэр 2023.11.24 101/ШШ2023/05195

                                                                        Магадлал 2024.01.26 210/МА2024/00206

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2024.08.08, № 35        

Нэхэмжлэгч А компани нь хариуцагч Б-д холбогдуулан орон сууцны төлбөр, алданги гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагчийг тус компанид хяналтын инженерийн албан тушаалыг хашдаг байсан тул зах зээлийн үнээс доогуур хөнгөлөлттэй үнээр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, хөдөлмөрийн гэрээнд зааснаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх төслийг хийж гүйцэтгэхэд оролцох үүргийг биелүүлсэн бол орон сууцны үнийг шаардахгүй байсан боловч уг хугацаанаас өмнө ажлаас гарсан тул орон сууцыг үнэ төлбөргүй авах эрхгүй гэж тайлбарлаж,

хариуцагч Б нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр харилцан тохиролцсоны дагуу компаниас орон сууц өгсөн, тухайн орон сууцыг худалдаж авах талаар тохиролцоогүй тул төлбөр төлөх үүрэггүй гэж маргажээ.

Хэргийн үйл баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч компанид 2020 оны 3 дугаар сард хяналтын инженерээр ажилд орж, 2023 оны 5 дугаар сард ажлаас гарсан, ажиллаж байх хугацаанд нь компаниас орон сууцны зориулалттай барилгын техникийн давхарт 67 м.кв талбайг олгохдоо мэргэжлийн хяналтын газарт хандан тус компанийн барьсан орон сууцны барилгын үйлчилгээний зориулалттай талбайг орон сууцны зориулалттай болгосон асуудлаар дүгнэлт гаргуулсан, хариуцагч Б нь олгосон талбайг өөрийн хөрөнгөөр засаж тохижуулан, улмаар нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандаж өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан болох нь тогтоогдсон.

Шүүх хэрэг маргааныг хэлэлцээд хариуцагч Б нь нэхэмжлэгч компанид хөдөлмөрийн гэрээгээр тодорхой хугацаанд ажиллах, хариуцагч нь ажилтны хөдөлмөрлөх үйл явцыг урамшуулах зорилгоор орон сууц өгөхөөр тохиролцсон байна гэж дүгнэсэн. Тодруулбал, Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч А компаниас ажилтан Б-д цалин хөлсний бүрдэл хэсэг болох шагнал урамшуулал буюу орон сууц өгөхөөр амлаж, улмаар бодит үйлдлээр тухайн орон сууцны өмчлөх эрх, эзэмшлийг шилжүүлсэн байх тул урамшуулж олгосон орон сууцны төлбөрийг алдангийн хамт шаардсаныг үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/137897?daterange=2023-11-01%20-%202023-11-29&id=1&court_cat=1&bb=1

Магадлалыг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/29262?daterange=2024-01-01%20-%202024-08-13&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn