Машины мотор доголдолтой байсны улмаас худалдан
авагч маргаан үүсгэжээ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2024.12.02, 101/ШШ2024/05719
Тоймын дугаар, огноо: №001, 2025.03.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Нэхэмжлэгч А хариуцагч Г холбогдуулан “худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 2,300,000 төгрөг, худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохиролд 1,820,000 төгрөг, нийт 4,120,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “гүзээ дискийг дутуу суулгасанаас эвдэрсэн, 5 хоногийн баталгаа өгсөн, 1 сар ашиглачихаад эвдэрсэн гэдэг нь ажиллаж байсан гэсэн үг” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргасан.
Зохигчдын хооронд 2023 оны 06 сарын 13-ны өдөр аман хэлцэл байгуулагдаж, худалдагч Г тоёота маркийн авто машинд таарах Япон Улсаас импортоор оруулж ирсэн хуучин хроп буюу хурдны хайрцаг худалдах, худалдан авагч А 2,300,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн үйл баримтаар тогтоогдсон.
Худалдан авагч нь худалдагчид 2,300,000 төгрөгийг шилжүүлсэн, худалдан авагч хропыг хүлээн авч, мэргэжлийн засварын газраар авто машиндаа суурилуулсан, суурилуулах үед зүгээр хөдөлгөөнд оролцоод явсан боловч Д аймгийн төвөөс сум уруу явах замд хроп дуугарч тос гарсан, энэ талаар худалдагчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Талууд эд хөрөнгийн чанарын талаар тохирсон баримтгүй байх ба худалдан авагч А нь худалдагч Г-д … хроп дуугарч, тос гарч доголдол үүссэн… талаар мэдэгдэж, улмаар өөрийн эзэмшлийн авто машинаа орон нутгаас УБ хот уруу тээвэрлэн ирж, худалдагчийн заасан авто засварын газарт үзүүлэхэд засварчин гэх ажилтан …гүзээ дискээ дутуу суулгаад, хроп эвдэрсэн… гэсэн хариуг амаар өгсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилоход …хурдын хайрцгийг хэзээ, хаана үйлдвэрлэснийг тодорхойлох боломжгүй, ашиглалтын хугацааг тогтоох боломжгүй, ямар эвдрэл гэмтэлтэй, засварлах боломжтой эсэхийг тухайн чиглэлийн засвар үйлчилгээ хийдэг мэргэшсэн газарт тогтоож, харьцуулж байж тогтоох боломжтой, хурдны хайрцгийг сольж, угсрах явцад эвдрэл авах эрсдэл бага, хурдын хайрцгийг угсрах явцад эвдрэл үүсэх магадлал бага.. гэх №100 дугаартай дүгнэлт гаргажээ.
Шүүхийн санаачлагаар шинжээч томилоход …хроп буюу хурдны хайрцгийн тоног төхөөрөмжийг шинжлэх тусгай төхөөрөмж байхгүй… гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргаагүй байна.
Худалдагч тал хропны баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлээгүй, заавар зөвлөгөө өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, “5 хоногийн баталгаат хугацаа өгсөн, зааварчилга өгсөн” гэх тайлбар нь шинжээчийн №100 дугаартай дүгнэлтээр няцаагдсан байна.
Худалдан авагч А нь Иргэний хуульд заасны дагуу 6 сарын дотор худалдсан эд хөрөнгийнх нь доголдолтой холбоотой засварлуулах, өөр хропоор солиулахаар худалдагч Г-д хандахад сольж өгөөгүй, засварчин гэх ажилтан нь амаар хариу өгсөн болох нь тогтоогдсон тул худалдан авагч гэрээг цуцлахаар шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагчаас хропны үнэд төлсөн 2,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон. Нэхэмжлэгч А-г худалдах, худалдан авах гэрээг цуцалсантай холбоотой учирсан хохирлоо Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэн, хохирлын зарим хэсгийг гаргуулж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/171667?daterange=2024-01-02%20-%202024-12-29&id=1&court_cat=1&bb=1
https://shuukh.mn/single_case/32939?start_date=&end_date=&id=2&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг