БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Гэрээний хугацаа дуусгавар болсноор шаардах эрхээ алдав

Гэрээний хугацаа дуусгавар болсноор шаардах эрхээ алдав

 

Шийдвэрийн дугаар: 2024.11.08-ны өдрийн 182/ШШ2024/04648

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №004, 2025.04.14

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Иргэн Л шүүхэд хандаж “… Талуудын хооронд Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн учраас төслийн зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай” нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч БХБЯ нь “… төслийн нэгжийн зохицуулагчийн хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсон. Сонгон шалгаруулалтад оролцох мэргэжлийн шаардлагыг хангаагүй…, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон тушаал нь захиргааны эрх зүйн маргаанд хамаарах учраас иргэний шүүх захиргааны актыг хүчингүй болгох шийдвэр гаргах боломжгүй …” гэж тус тус маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар, Л нь БХБЯ-ны ТНБД-ын 2022.05.24-ний өдрийн Б/45 тоот тушаалаар … Төслийн нэгжийн зохицуулагчаар томилогдож, 2022.11.01-ний өдөр 2022/501 тоот “Төсөл хэрэгжүүлэх ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулж, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, хариуцагч БХБЯ нь ажлын хөлсөнд сар бүр 4,720,000 төгрөг төлөх үүргийг хүлээхээр тус тус харилцан тохиролсон талаар маргаагүй. Харин талуудын дараах үндэслэлээр маргасан. Үүнд:

  1. Хөдөлмөрийн харилцаа бус, Иргэний хуулиар зохицуулагдах хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх талаар

Шүүхээс иргэн Л, хариуцагч БХБЯ нарын хооронд Хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах Хөдөлмөрийн харилцаа бус, Иргэний хуулиар зохицуулагдах хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн.

Учир нь хөдөлмөрийн гэрээ болон иргэний хөлсөөр ажиллах гэрээ субьект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр, гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг.

Хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох, эрх бүхий байгууллагаас баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлсийг тогтоох эрхгүй, мөн сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож, ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгох боломжтой.

Мөн хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил, албан тушаалын тусгай журам, норм, нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүргийг гүйцэтгэхээр, түүнчлэн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар хөдөлмөрийн гэрээний талуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр, харин хөлсөөр ажиллах гэрээний талууд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу тус тус өөр байдлаар цуцлагддагаараа ялгаатай.

2.Иргэний журмаар шийдвэрлэх маргаан мөн эсэх талаар

Иргэн Л-г ТНБД-ын 2024.03.28-ны өдрийн Б/58 тоот тушаалаар 2024.03.28-ны өдрийн Б/58 тоот “Хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар төслийн зохицуулагчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулиар зохицуулагдах харилцаа биш юм.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар төрийн албан хаагч гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно.

Иргэн Л-ийн ажиллаж байсан төслийн зохицуулагчийн ажлын байр нь дээрх хуулийн 14 дугээр зүйлийн 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч (эрх баригч)-ийн ажлын байр биш учир ажилтны хөлсөөр ажиллах гэрээний харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон талаарх гомдлыг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх тул нэхэмжлэлийг хүлээн авахдаа хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Энэхүү маргааны үндэслэл нь субъектийн ашиг сонирхлын хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг захиргааны байгууллагад хамаарахгүй, нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндэслэл болохгүй бөгөөд нийтийн эрх зүйн шинжийг агуулаагүй байна.

  1. Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан эсэх талаар

Хөлсөөр ажиллах гэрээ нь талуудын харилцанг тохиролцсон хугацаа дууссанаар дуусгавар болдог учиртай.

Талуудын хооронд байгуулсан 2022.11.01-ний өдрийн 2022/501 тоот “Төсөл хэрэгжүүлэх ажилтнуудтай байгуулах хөлсөөр ажиллах гэрээ”-ний 1 дүгээр зүйлийн 1.2-т “гэрээний хугацаа 2022.05.25-ны өдрөөс эхлэн 22.12.31-ний өдрийг дуустал байна”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хөлсөөр ажиллах гэрээг журмын 8.17-д заасныг үндэслэн 1 жилээс ихгүй хугацаагаар сунгаж болно” гэж тус тус тодорхой заасныг нэхэмжлэгч буюу иргэн Л нь өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

Зохигч талууд хөлсөөр ажиллах гэрээг 2022.05.25-ны өдрөөс 2022.12.31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулж, ажлын хөлсөнд сард 4,720,000 төгрөг төлөх, мөн хөлсөөр ажиллах гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн гэрээг 1 (нэг) жилээс ихгүй хугацаагаар сунгаж болохоор тохиролцсоныг нэхэмжлэгч буюу иргэн Л нь өөрөө зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.

  1. Нэгэнт талуудын гэрээгээр тохиролцсон болон сунгасан хугацаа дуусгавар болсон учраас хариуцагч БХБЯ-ны хувьд иргэн Л-тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг заавал сунгах, цалин хөлс, олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийх үүрэг хүлээх үндэслэлгүй гэж шүүх үзсэн байна.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Эх сурвалж: https://shuukh.mn/single_case/32557?daterange=2025-01-01%20-%202025-01-10&id=2&court_cat=1&bb=1,

https://shuukh.mn/single_case/162607?start_date=&end_date=&id=1&court_cat=1&bb=1

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn