Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Шийдвэр 2024.10.18 101/ШШ2024/04777
Магадлал 2024.12.13 210/МА2024/02154
Шийдврийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2025.04.04
Нэхэмжлэгч М.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Г.Ш-д олгох нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал өвчний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан, мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт хүчингүй болсон тул нөхөх олговрыг гаргуулах нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарласан.
Хэлмэгдэгч Г.Ш-г Прокурорын тогтоолоор хэлмэгдсэнд тооцож, цагаатгалын үнэмлэх олгогдсон ба нэхэмжлэгч М.Д нь хэлмэгдэгч Г.Ш-д олгох нөхөх олговрыг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 11 сард шүүхэд гаргасныг хүлээн авахаас татгалзаж, улмаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст нөхөх олговор гаргуулах асуудлаар хандахад 2024 оны 03 сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөх олговор нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгч, шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Нэхэмжлэл гаргах эрх нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө цагаатгагдсан иргэдийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш цагаатгагдсан иргэдийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш 3 жилийн хугацаанд байна” гэж заасан бөгөөд хэлмэгдэгч Г.Ш-д олгох нөхөх олговрыг гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрх 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ба нэхэмжлэгч нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгч М.Д нь эрүүл мэндийн шалтгааны улмаас нэхэмжлэлийг гаргах боломжгүй байсан гэх тайлбарыг гаргасан боловч коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал өвчний улмаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
Нэхэмжлэгчийн үндэслэл болгон тайлбарлаж буй Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Цагаатгуулах тухай гомдлыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гаргаж болох бөгөөд энэ хугацаанаас хойш гаргасан гомдлыг хүлээж авахгүй” гэж заасан хэсгийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд хуулийн уг заалт нь цагаатгуулах гомдол гаргах асуудлыг зохицуулсан заалт байсан бөгөөд хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах нэхэмжлэл гаргах хугацаанд уг хүчингүй болсон заалт хамааралгүй заалт болохыг дүгнэсэн.
Шүүх хэрэг маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэгч М.Д нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа дуусгавар болсны дараа нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хэлмэгдэгч Г.Ш-д олгох нөхөх олговор 80,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
Магадлалыг бүтнээр харах цахим холбоос:
Тоймыг бэлтгэсэн:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор