БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг, мөн цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг ажилласан хугацаанд тооцно

Шийдвэрийн дугаар: 2025.02.12-ны өдрийн 191/ШШ2025/01319

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэр хураангуй:

Хүсэлт гаргагч Ш.М шүүхэд хандаж “… 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар, Хөдөлмөрийн дэвтэр 015015 дугаар, Нийгмийн даатгалын дэвтэр 192102 дугаар, Батлан хамгаалаах яамны Батлан хамгаалаах төв архивын 2492 тоот лавлагаа, Нийслэлийн архивын газрын 1142 дугаар “лавлагаа гаргах боломжгүй” гэх тодорхойлолт, Үндэсний төв архивын 1963 тоот “лавлагаа гаргах боломжгүй” гэх тодорхойлолт, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2887, 2888 тоот лавлагаа, Ажилласан жил, тэтгэврийн шимтгэл нөхөн тооцуулсан  485  тоот лавлагаа зэрэг баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг хэрэг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэх маргаанд хамаарна.

Хүсэлт гаргагч Ш.М нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа үйлдвэрт өрөгчөөр, Авто засварын үйлдвэрийн нэгдэлд прессийн хэсэгт 1986 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ачигчаар, Техник туслалцааны барилга трестэд 1987 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл угсрагчаар, 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд Чулуун өргөө ХХК-д  ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хүсэлт гаргачийн тайлбар дээрх нотлох баримтаар хүсэлт гаргагч Ш.М нь 1992 оноос Цамхаг ББХК, 1994 оноос Чулуун өргөө ХХК буюу ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг хэдийд байгуулж, цуцалсан талаарх баримтгүй, энэ тухайд гэрч нар тодорхой мэдүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 1991 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох,

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Дараах хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцно”, 23.1.2 дахь хэсэгт “ажилтны төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, хөдөө аж ахуйн нэгдэл, хоршоолол, шашны байгууллагад 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж, цалин хөлсний сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа”, 23.1.3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэний 1995 оноос өмнө цэргийн жинхэнэ болон хугацаат цэргийн алба хаасан хугацаа” гэж заасан тул Нийгмийн даатгалын байгууллагад хандаж ажилласан хугацаанд тооцуулах боломжтой.

Ажил олгогч Чулуун өргөө ХХК нь дээрх хугацааны ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бол тухайн үед мөрдөгдөж байсан Нийгмийн даатгалын  тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл оногдуулах, тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох, нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, илүү төлсөн шимтгэлийг суутган тооцох, шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхтэй тул Нийгмийн даатгалын байгууллагад хандах нь зүйтэй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тооцно гэж зохицуулсан” гэж үзсэн байна.

Эх сурвалж: https://shuukh.mn/single_case/183555?daterange=2025-01-01%20-%202025-05-01&id=1&court_cat=1&bb=1

http://shuukh.mn/single_case/33028?daterange=2025-01-01%20-%202025-05-01&id=2&court_cat=1&bb=1

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn