Шийдвэрийн дугаар: 2024.10.22-ны өдрийн 182/ШШ2024/04288.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Шийдвэрийн тойм: №09, 2025.05.30.
1.Нэхэмжлэгч ЭГЛ ХХК нь “…Хянан шалгах түр хороо нь зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр Түр хорооны дарга, гишүүн Б.Э нь “…н.Б дарга, түүний гэр бүлийн хүн Ц.А нарын хамаарал бүхий компаниуд нийлбэр дүнгээрээ 1,000,000 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэдэг дүн мэдээ танилцагдлаа. Энэ бол маш ноцтой асуудал…” гэж,
“…ЭГЛ ХХК нь 425,638,5 тонн… нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэсэн мэдээлэл байна…” гэж, “…Монгол Улсын нүүрс тээврийн компаниуд, гаалийн албан татвараас нуугдах зорилготой байна. Энэ бол татвараас зайлсхийх гэмт хэрэг бөгөөд бодитой асуудал юм байна гэдэг нь өчигдөр тодорхой болсон… Жолооч нар нь байсан, Компаниуд нь байсан, тэд нарын хамаарлууд нь гарсан, гаалийнхан ярьсан. …Энэ бол гаалийн татвараас зайлсхийх том хэмжээний схем, бүлэглэл, мафи байгаа гэдэг нь ойлгомжтой, ил болсон…” гэж манай компанийн үйл ажиллагаанд шууд оролцоогүй хүмүүстэй холбож, биднийг улс төрийн өндөр албан тушаалаар дамжуулан өөрсдөдөө давуу байдал үүсгэн нүүрсний хулгай хийсэн гэх мэдээг олон нийтэд зарласан нь манай байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан…” гэж тайлбарлан ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийлгэхээр шаардсан.
2.Хариуцагч, гишүүн Б.Э нь “…Монгол Улсын Их Хурал …нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүйн саналаар Хянан шалгах түр хороог байгуулсан ба, нэхэмжлэлд дурдсан үйл баримт болох төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Хянан шалгах түр хороо нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг нотлох баримт цуглуулах, хянан шалгагч, шинжээч томилох, баримт бичигт дүн шинжилгээ хийх, гэрчээс мэдүүлэг авах зэрэг хуульд тусгайлан заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх замаар хянан шалгаж, тайлан, санал дүгнэлтээ тогтоосон хугацаанд Улсын их хуралд тайлагнах үүрэгтэй, энэ улс төрийн хяналт учраас шүүхэд хэрэг маргаан үүсгэх шууд үр дагавар үүсгэхгүй, улмаар хянан шалгах түр хороо нь Улсын их хурлын 2024.01.16-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор татан буугдсан, тус тогтоолд зааснаар гэмт хэргийн шинжтэй асуудлыг эрх бүхий байгууллагад шилжүүлсэн, …гишүүд бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд бүрэн эрхийнхээ хүрээнд нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлж, хэлсэн үгийнхээ төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээхгүй…” гэж тайлбарлан маргажээ.
3.Шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн “…гишүүн Б.Э-ийн хэлсэн мэдээлэл нь хянан шалгах түр хорооны бүрэн эрхийн хүрээнд хамаарах цуглуулсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, дуудагдсан гэрчүүдийн тайлбар зэрэгт үндэслэсэн сонсголын процесс ажиллагааны нэг хэсэг байх ба, энэ нь “гутаасан мэдээ”-ний шинжид нийцсэнгүй…” гэж,
“…гишүүн Б.Э нь бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхээс бусад тохиолдолд нийтийн сонсголын үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор цугларсан нотлох баримт, эрх бүхий этгээд болох шинжээчээс танилцуулсан мэдээлэл, оролцсон гэрчүүд болох н.Б, Ц.А нараас авсан тайлбарт үндэслэн өөрийн санал, шүүмж, үзэл бодлоо илэрхийлж хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхээргүй байна…” гэж,
“…гишүүн Б.Э-ийн хэлсэн, нэхэмжлэгч талын үндэслэл болгосон мэдээлэл нь тус компанийн ажил хэргийн нэр хүндийг зориуд гутаасан гэх, түүний хэлсэн мэдээллийн улмаас нэхэмжлэгч ЭГЛ ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, үнэлэмжийг нь доройтуулсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдсонгүй…” гэж тус тус дүгнээд гишүүн Б.Э-д холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай ЭГЛ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Санамж:
Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол:
https://shuukh.mn/single_case/160853?start_date=&end_date=&id=1&court_cat=1&bb=1 гэсэн холбоосоор орно уу.
Тойм бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхтуяа.