БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН

ТАМГЫН ГАЗАР

ГОМДЛЫГ ХУГАЦААНД НЬ ГАРГААГҮЙ ТУЛ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ХУУЛЬ ЁСНЫ ЭСЭХИЙГ ТОГТООХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН.

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: Шийдвэр 2023.10.18 101/ШШ2023/04513

   Магадлал 2023.12.18 210/МА2023/02185

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 08, 2025.05.30

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд хандаж, шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр гаргасан байна.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч ажиллагаагаа явуулаагүй байсан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг зөвтгөн явуулах үүднээс хүчингүй болгосон, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд буюу 7 болон 14 хоногийн дотор гомдлоо гаргахаар байна. Нөхцөл байдлаас үзвэл, “А” ХХК нь дээрх хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг 3 дугаар сарын 21-ний өдрийн 326 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг авснаар мэдсэн гэж үзвэл энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор буюу 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргахаар байхад 4 дүгээр сарын 17-ны өдөр гомдол гаргаж, энэхүү хугацааг хэтрүүлсэн, түүнчлэн ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариуг 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд энэ хугацаанаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор байхад 6 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдлын шаардлагаа гаргасан байна.

“А” ХХК нь хугацаагаа хэтрүүлээгүйгээ нотлох баримтаар ирүүлээгүй бөгөөд гомдол гаргагч нэгэнт хуульд заасан гомдол гаргах хугацааг зөрчсөн болохоор шүүх гомдлыг хүлээн авах боломжгүй болжээ.

Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр, үйл ажиллагаанд энэ хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гаргасан гомдлыг гомдол гаргагчид буцааж, гомдол гаргаагүйд тооцохоор зохицуулсан байна.

Эцэст нь, шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ “А” ХХК нь холбогдох хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийлдвэрлэсэн байна.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/129572?daterange=2023-10-18%20-%202023-10-18&id=1&court_cat=1&bb=1

Магадлалыг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/28929?daterange=2023-12-18%20-%202023-12-18&id=2&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал.

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу, Сүхбаатарын гудамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байр, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр.

51-261915, 70009104

Авлигатай тэмцэх газарт гомдол
мэдээлэл гаргах (976)110 төлбөргүй

i_bsch_tg@shuukh.mn