Улсын дээд шүүх Чингэлтэй дүүргийн 1-р хороо Ц.Жигжиджавын гудамж буюу Сүхбаатарын талбайн баруун талд хуучнаар Хангарди ордон руу нүүж, байршлаа өөрчиллөө. Үүнтэй холбоотойгоор хяналтын шатны бүх шүүх хуралдааныг шинэ байранд товлон зохион байгуулна.
Энэхүү байранд Улсын дээд шүүхээс гадна бүх шатны шүүхийн шүүгчдийг сургалт, судалгаа, мэдээллээр хангадаг Шүүхийн академи үйл ажиллагаа явуулах юм.
Улсын дээд шүүх урьд нь хяналтын шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдаанаа нэг танхимд ээлжилж явуулдаг байсан бол одоо нэгэн зэрэг товлон хийх боломжтой боллоо.
Мөн сургалтын заал танхимын хүрэлцээ, номын сангийн орчин сайжирч, сургалт судалгааг өргөн хүрээнд хийхээс гадна олон нийтэд мэдээ мэдээллийг шуурхай түгээх, нээлттэй шүүх хуралдаануудын шууд дамжуулалтыг нэгэн зэрэг чанартай хүргэх нөхцөл бүрдээд байна.
Түүнчлэн хэргийн оролцогч, өмгөөлөгч нарт зориулсан хэргийн материалтай танилцах өрөө, иргэдэд үйлчлэх хэсгийн зай талбай, хүртээмжийг нэмэгдүүллээ.