Тогтмол цалин хөлс олгож байсныг хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гэж үзэхгүй
Шийдвэрийн дугаар: 2024.08.06 182/ШШ2024/03323
Шийдвэрийн тоймын дугаар, огноо: №003, 2025.04.14
Шийдвэрийн төлөв: Шийдвэр хүчин төгөлдөр болсон
Иргэн П.О нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 2017 оны 11 дүгээр сараас хойш хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан болохыг тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, түрээсийн мэргэжилтний болон харуул, хамгаалалтын ажлыг хавсран гүйцэтгэсний цалин хөлсөнд 47 288 000 төгрөг, хоол, унааны олговорт 14 040 000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 3 788 324 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
П.О нь 2017 оноос хойш одоог хүртэл жил бүр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж ажиллан сар бүрт тогтмол цалин хөлс авч байсан, ажиллуулагч болон өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийн ноогдох хэсгийг тус тус төлж байсан, гэрээгээр тохиролцсон ажил, үүргийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд тогтоосон цаг хугацаанд биечлэн гүйцэтгэх, шаардлагатай заавар, зөвөлгөөгөөр хангагдан эрх бүхий албан тушаалтнаас ажил үүргийг чиглэл авч гүйцэтгэх үүргээ биелүүлэн гүйцэтгэсэн, ажлын талаарх тайланг тогтмол гарган хариуцагчид хүргүүлж байсан үйл баримт тогтоогдсон.
Үүнээс үзэхэд талуудын хооронд ажиллагч нь тохирсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн буюу гэрээний зүйл нь ажлын ямар нэгэн үр дүн биш, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа байдаг онцлог шинж бүхий хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр нэг талаас ажилтан хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээдэг хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай.
Түүнчлэн гэрээний хариуцлага оногдуулах журам, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тусгайлсан зохицуулалттай, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэх шийдвэрийг ажил олгогч гаргадаг, хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болсноор хөдөлмөрийн харилцаанаас уламжлан тэтгэвэр, тэтгэмжийн харилцаа гэх мэт бусад харилцаа үүсдэг зэрэг шинжээр хөдөлмөрийн гэрээ онцлогтой.
Нэхэмжлэгч П.О нь олон жилийн хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний дагуу хариуцагч байгууллгад ажил үйлчилгээ үзүүүлэн ажилласныг хариуцагчаас нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй гэж үзэх, байнгын ажлын байранд тогтмол ажилласан гэж үзэх үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэсэн.
Иймд нэгэнт талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй тул хуульд заасан өөр ажил үүргийг хавсран ажиллах нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговрыг нэхэмжлэх эрхгүй, харин талууд хөлсөөр ажиллах гэрээнд унаа болон хоолны мөнгийг олгохоор тохиролцсоны дагуу олгогдоогүй үлдсэн 5 260 890 төгрөгийг хариуагч “Т” ХХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. |
Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/153328?daterange=2024-08-06%20-%202025-04-07&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Байгалмаа.