Б, Х нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Х-гийн нэр дээр зээлийн гэрээг байгуулан, лизингээр машин худалдан авч, зээлээ хамтран төлж байсан боловч тэд салжээ. Салсны дараа Б машинаа унаж, зээлийн төлбөрөө төлж байтал Х машиныг нь нууцаар ачуулан авч яваад, зээлийн төлбөрийн үлдэгдэл 8,535,064 төгрөг төлж, машины гэрчилгээг өөрийнхөө нэр дээр авчээ.
Б шүүхэд хандаж, Х-оос машины зээлийн төлбөрт төлсөн 10,880,452 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхэд, Х 2 жил машиныг унаж хэрэглэсэн тул зээлийн хүү, элэгдэл хорогдлыг төлөх ёстой гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, Банк бус санхүүгийн байгууллага Х нарын хооронд автомашин худалдан авах зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулагдсан, худалдан авснаас хойш Б 2 жил машиныг эзэмшиж байсан, зээлийн төлбөрт Б 10,880,452 төгрөгийг, Х 11,951,064 төгрөгийг тус тус төлсөн болох нь тогтоогдсон байна.
Шүүх машиныг зээлийн хөрөнгөөр авсан тул гэрээний дагуу Х зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, машиныг өөрийн өмчлөлдөө авах эрхтэй, Хонгороо өөрийн эзэмшилдээ машинаа нэгэнт авсан тул Б-гийн төлсөн 10,880,452 төгрөгийг Х буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж, Х-гоос 10,880,452 төгрөгийг гаргуулж, Б-д олгож шийдвэрлэв.
Жич: Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/120289?daterange=2022-01-01%20-%202022-08-04&id=1&court_cat=1&bb=1
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Хураангуй бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам.