БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

6 НАСТАЙ ХҮҮХДИЙН БУСДАД УЧРУУЛСАН ХОХИРЛЫГ ЭЦЭГ ЭХ НЬ ХАРИУЦНА

6 настай Г хүү унадаг дугуй унаж явахдаа гудамжинд явган явсан иргэн О-ийг мөргөж унагасны улмаас О-гийн баруун гарын шууны яс далд хугарч гэмтжээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаад Г хүүг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй учраас хэргийг хаасан байна.

Иргэн О шүүхэд хандаж хүүгийн аав Г-аас эмчилгээний зардал, ажлаа хийж чадаагүйн улмаас дутуу авсан цалин хөлс 1,444,100 төгрөгийг нэхэмжилжээ.

Хүүгийн аав шүүхэд мэдүүлэхдээ “…6 настай дугуйтай хүүхэд энэ хэмжээний гэмтэл учруулсан гэдэгт итгэхгүй байна. Мөн зардлын баримтууд нь эргэлзээтэй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж маргав.

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь О-т гарын шуу ясны доод үзүүрийн хугарал оношоор эмнэлгийн тусламж үзүүлсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд Шүүх эмнэлгийн дүгнэлтээр О-гийн биед баруун гарын шуу ясны далд хугарал хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хүүгийн эцэг хохирлыг хариуцах ёстой гэж дүгнэсэн, шүүх 6 настай Г хүү иргэний эрх зүйн чадамжгүй ч, түүний эцэг эх хүүхэддээ хараа хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэж, эцэг Г-аас нь О-гийн эмчилгээ, оношлогоо, эмийн бүтээгдэхүүний зардал болох 264,100 төгрөгийг гаргуулж, харин бусад хохирол гэж нэхэмжилсэн ор хоногийн мөнгө, дутуу авсан цалин 1,180,000 төгрөг нь баримтаар нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Жич: Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/120288?daterange=2022-01-01%20-%202022-08-04&id=1&court_cat=1&bb=1

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Хураангуй бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn