БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ТАЛУУД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ҮНИЙГ ХАРИЛЦАН ТОХИРОЛЦООГҮЙ БОЛ ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД ТОГТООНО

Шийдвэрийн огноо, дугаар: 2022.03.14 №101/ШШ2022/01129

Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр

Иргэн Удвал нь өмчлөлийн 2 орон сууцаа барьцаалан авсан зээлээ Банкинд төлөөгүйн улмаас шүүх зээлийн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр барагдуулахаар шийдвэрлэсэн ба хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг аливаа этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлүүлэх зорилгоор барьцааны орон сууцыг битүүмжлэн хураагаад, улмаар үнийн санал ирүүлэхийг талуудад мэдэгдэхэд төлбөр авагч Банк санал хүргүүлж, төлбөр төлөгч Удвал санал өгөөгүй байна.

Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр орон сууцыг үнэлүүлсэн ба уг үнэлгээг Удвал эс зөвшөөрч, “… зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, үнэлгээг зохих журмын дагуу хийгээгүй” гэх үндэслэлээр  хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг тухайн үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан.

Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч Удвал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дээрх хугацааг хэтрүүлсэн, мөн түүний хүчингүй болгуулахаар шаардаж буй үнэлгээгээр Баянзүрх дүүрэгт байршилтай орон сууцыг 191,000,000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэгт байршилтай орон сууцыг 123,971,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байв.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Удвалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ингэхдээ нэхэмжлэгч Удвал нь хуулиар тогтоосон гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн, түүнчлэн хөрөнгийн үнэлгээний арга (өртгийн, жишиг үнийн, орлогын) ашигласан үндэслэл, орон сууцны шинж байдлыг харгалзсан байдал, үнэлгээний явц, үр дүн, эх сурвалжуудыг харьцуулан үзэхэд дээрх үнэлгээ хуулиар тогтоосон арга, журмын дагуу хийгдсэн буюу нэхэмжлэгч Удвалын эрхийг зөрчөөгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн зохицуулалтад нийцсэн гэж дүгнэжээ.

Санамж:

Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүйзөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/119737?daterange=2022-03-01%20-%202022-03-22&id=1&court_cat=1&bb=1

Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn