Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.03.31 101/ШШ2022/01455
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
2022.03.31 Шийдвэр-хураангуй-05
Иргэн Дуламаас “… өөрийн өмчлөлийн орон сууцандаа төрсөн ах Болорыг 2017 оноос хойш түр амьдруулж байсан ба орон сууцаа бусдад худалдан борлуулах шаардлагатай болсон тул чөлөөлж өгөхийг шаардахад чөлөөлөхгүй байгаа” гэх үндэслэлээр орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл иргэний шүүхэд гаргажээ.
Хариуцагч Болор нь “ … уг орон сууцыг худалдан авахаар тохирч Дуламд 50,0 сая төгрөгийг төлсөн, улмаар цаашид өөрсдөө амьдарна гээд засвар хийсэн тул орон сууцыг чөлөөлөх үндэслэлгүй, орон сууцны урьдчилгаанд өгсөн 50,0 сая төгрөг, засварын зардал 41,0 сая, нийт 91,0 сая төгрөгийг гаргуулна” гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан байна.
Дулам, Болор нар нь уг байртай холбоотой ямар нэг гэрээг бичгээр байгуулаагүй байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, Дулам нь “ахыгаа түр амьдруулахаар байрандаа оруулсан” гэж, Болор нь “худалдахаар тохирч байрандаа оруулсан” гэж шүүхэд өөр өөрөөр тайлбарлажээ.
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжихдээ насанд хүрсэн өмчлөгч тус бүрийн бичгээр гаргасан зөвшөөрлийг үндэслэн өмчлөх эрх шилжүүлэх аливаа хэлцэл нь бичгээр хийгдэх, нотариатчаар гэрчлүүлэх, улмаар улсын бүртгэлд бүртгэгдэх хуулийн зохицуулалттай байдаг.
Энэ тохиолдолд, Дулам, Болор нар нь уг байрыг худалдах худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдээгүй, гарын үсэг зураагүй тул тэдний хүсэл зоригийн илэрхийлэл нотлогдохгүй, хэлцэл /гэрээ/ хийсэн гэж шүүхээс дүгнэх үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хуульд зааснаар, талууд хэлцлийг бичгээр хийгээгүй тохиолдолд хэлцлийнхээ талаар маргавал гэрчээр нотлуулах эрхээ алддаг тул уг хэрэгт гэрчийн мэдүүлэг нотолгооны ач холбогдолгүй болжээ.
Иймээс шүүх Дулам, Болор нарын өгсөн авсан зүйлийг харилцан буцааж, орон сууцыг хариуцагч Болорын эзэмшлээс чөлөөлж, байрны үнэд төлсөн 50,0 сая төгрөгийг нэхэмжлэгч Дуламаас гаргуулж, Болорт олгон, орон сууцанд өмчлөгчийн зөвшөөрөлгүй засвар хийсэн тул засварын зардлыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/119660?daterange=2022-01-01%20-%202022-10-28&id=1&court_cat=1&bb=1
Хураангуйг бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цэрэндулам