Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.04.13, 101/ШЗ2023/09448, 2023.04.26, 101/ШЗ2023/10592
Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар, огноо: №11, 2024.01.15 Процесс тойм
Нэхэмжлэгч Б.Мөнхтөр нь 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд хариуцагч Д.Цоггэрэлд холбогдуулан “2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах зохицуулалттай бөгөөд шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/09448 дугаар захирамжаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагыг хангаагүй гэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг бөгөөд нэхэмжлэгч Б.Мөнхтөр нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээнүүдийн хувьд түүний ямар эрх нь хэрхэн, яаж зөрчигдсөн гэж үзэж шаардлага гаргаж буй, зөрчигдсөн гэж үзэж буй эрхээ хэрхэн, ямар байдлаар сэргээлгэхээр шүүхэд хандсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тодруулах шаардлагатай. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлд хавсаргасан баримтад нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээнүүдийг хүчингүй болгосон, хүчин төгөлдөр бусд тооцсон талаар дурдаагүй, хувьцаа эзэмшигчийн шийдвэрт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж бичсэн нь түүний эрх ашгийг зөрчиж байна гэж, уг үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэлийг тодруулах шаардлагатай гэж үзсэн.
2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Б.Мөнхтөр нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж, “2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан болохыг, уг гэрээний дагуу Б.Мөнхтөрийг “Талст молор” ХХК-ийн хувьцааны 95 хувийг эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээс “…Б.Мөнхтөр нь 2015 оны 3 дугаар улирлаас эхлэн компанийн хөрөнгө оруулалтад хандив өргөсөн тул Д.Цоггэрэл өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцаанаас 95 хувийн хувьцааг Б.Мөнхтөрд эрх шилжүүлэх, хувьцаа бэлэглэх гэрээгээр шилжүүлсэн” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Уг нэхэмжлэл нь хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, шүүхийн болон хэргийн харьяаллын хувьд зөрчилгүй байсан тул шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШЗ2023/10592 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Тойм бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор