БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Харилцан гэрээнээс татгалзсан бол хариуцлагыг хуваан хариуцна

Харилцан гэрээнээс татгалзсан бол хариуцлагыг хуваан хариуцна

Шүүхийн нэр, шийдвэрийн огноо, дугаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.02.27, 101/ШШ2023/00999

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Тоймын огноо, дугаар: 2023.10.11 №30

Нэхэмжлэгч А нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, Япон улс руу явуулах зорилгоор өгсөн 12,000,000 төгрөг, сургалтын төлбөр 160,000 төгрөг, шалгалтын хураамж 50,000 төгрөг, нийт 12,210,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Б ХХК нь “виз гаргахаар амлаагүй, С-ийг Япон улсад суралцах, амьдрах, ажиллах зөвшөөрөл авахад зуучилсан, зөвшөөрөл ирснийг аваарай гэж мэдэгдсэн, найз охинтой болоод визэнд ороогүй, үүргээ биелүүлсэн” гэж маргасан.

Хэргийн үйл баримтаар, иргэн А болон Б ХХК нар амаар тохиролцон, Б ХХК нь А-гийн хүү С-ийг Япон улсад ажиллах, суралцах виз авахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх, иргэн А шаардлагатай төлбөрийг төлөхөөр тохирсон болох нь тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.4-т “Гэрээнд өөрөөр заагаагүй буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээд гэрээнд заасан эрхээсээ татгалзвал үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардаж болно” гэж заажээ.

Хариуцагч Б ХХК нь С-ийн Япон улсын визэнд ороход шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгснөө нотлоогүй, нэхэмжлэгч А бичиг баримтыг хүлээлгэн өгөхийг шаардаагүй зэргээс зохигч хэн аль гэрээнээс татгалзсан гэж шүүх үзсэн.

Иргэний хуульд зааснаар “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ.

С нь Б ХХК-ийн сургалтын төвийн Япон хэлний курст сурсан нь тогтоогдсон ба шалгалтдаа орох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, сургалтын төлбөрийн 160,000 төгрөг, шалгалтын хураамж 50,000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

Талууд гэрээний үүргээ хэн алинаасаа шаардаагүй, хэргийн нөхцөл байдал, гэрээ биелэгдсэн тохиолдолд олох ашиг Б ХХК-д үлдэх байсан зэргийг харгалзан, хариуцагчид төлсөн 12,000,000 төгрөгийн тал хувь болох 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/125756?daterange=2023-01-01%20-%202023-10-11&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn