БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Даатгалын тохиолдлыг даатгагчид мэдэгдэх нь

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.09.27 101/ШШ2023/04207

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Тоймын огноо, дугаар: 2023.09.30 №31

Нэгэн даатгалын компани иргэн Сумъяад холбогдуулан, зам тээврийн осолд буруутай Сумъяагийн учруулсан хохирлыг барагдуулсан 3,000,000 төгрөгийг Сумъяагаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд даатгалын тохиолдол гарсан талаар даатгагчид мэдэгдээгүйгээс нөхөн төлбөр төлж хохирсон хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч нь ослын дуудлагыг эрх бүхий байгууллага бүртгэж, шалгаж тогтоон хуулийн дагуу даатгалын компани уг хохирлыг барагдуулсан хэмээн маргасан.

Жолоочийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2-т “Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.-т “Даатгагч нь дараах тохиолдолд хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх эрхтэй:”, 20.1.2.-т “Даатгалын тохиолдол гарсан талаар энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээдэд мэдэгдээгүй бол даатгуулагч, жолоочоос” гэж тус тус зохицуулжээ.

2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр дээрх зам тээврийн осол гарч Зам тээврийн осол, хэргийн үзлэгийг тээврийн цагдаагийн алба гүйцэтгэж, хариуцагч Сумъяа осолд гэм буруутай болохыг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тогтоож, Монгол Улсын зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан байна.

Даатгуулагч Сумъяа нь даатгалын тохиолдол болсныг даатгагчид тэр даруй 2022 оны 5 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдээгүй буюу зам тээврийн осолд гэм буруутай эсэх нь тогтоогдсоны дараа 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэнээр нэхэмжлэгчид хохирол учирсан, эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Даатгалын тохиолдол болсныг даатгагчид ердийн боломжит хугацаанд мэдэгдсэний зэрэгцээ даатгалын нөхөн төлбөр олгосон байдал нь даатгалын тохиолдлын талаар даатгагч мэдсэн үйл баримтыг илэрхийлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос:

https://shuukh.mn/single_case/128537?daterange=2023-01-01%20-%202023-10-31&id=1&court_cat=1&bb=1

Хураангуйг бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn