Эд хөрөнгийг шалгаж авах үүргээ биелүүлээгүй тул шаардлага гаргах эрхээ алджээ
Шийдвэрийн огноо, дугаар: 2023.05.31, № 101/ШШ2023/02756
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Тоймын огноо, дугаар: 2023.07.28 № 25
Иргэн Солонго нь иргэн Нарантай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцны үнийг бүрэн төлснөөр улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ.
Гэвч худалдах худалдан авах гэрээнд орон сууцны талбайн хэмжээг 75.41 м.кв гэж тохиролцсон боловч орон сууцандаа засвар хийх үед талбайн хэмжээг хэмжүүлж 64.91 м.кв болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр орон сууцны м.кв-ын зөрүүд 25,070,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нь тухайн орон сууцыг 173,500,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсноос м.кв тус бүрийн үнийг гэрээгээр тохиролцоогүй тул дутуу м.кв-ын зөрүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээ нь 64.54 м.кв болох нь тогтоогдсон.
Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийн тохиролцоо нь “худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх”, “худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнэ төлж, хөрөнгөө хүлээж авах” үүргийг харилцан хүлээх юм.
Тус гэрээний дагуу хариуцагч нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүргийг худалдан авагчийн өмнө хүлээх боловч нөгөө талаас нэхэмжлэгч нь худалдан авсан хөрөнгөө шалгаж, хүлээж авах үүргийг өөрийн өмнө хүлээх бөгөөд энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд шаардах эрхээ алдах талаар Иргэний хуульд зохицуулсан.
Энэ талаар Иргэний хуульд “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” бол шаардлага гаргах эрхээ алдах” талаар зохицуулсан.
Шүүх худалдагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийн хариуцлага нь худалдан авагчийн өөрийнхөө өмнө хүлээсэн үүргийн эрсдлээс шалтгаалан үгүйсгэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/single_case/127664?daterange=2023-01-01%20-%202023-07-30&id=1&court_cat=1&bb=1
Тойм бичсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал