Даатгалын нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулжээ
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.01.06 101/ШШ2023/00232
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Тоймын дугаар, огноо: 2023.06.28 № 23
Нэгэн даатгалын компани нь даатгуулагч Б-д зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын даатгалын нөхөн төлбөрт шилжүүлсэн 12,911,878 төгрөгийг осол гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигч байгууллагаас гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь жолоочийн буруутай үйлдлээс осол гарсан тул байгууллага даатгалын нөхөн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.
Хэргийн үйл баримтаар хариуцагч байгууллагын жолооч нь ажил үүргээ гүйцэтгэж явахдаа даатгуулагч Б-ийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан, даатгалын компаниас даатгуулагчид зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын даатгалын нөхөн төлбөрийг төлсөн болох нь тогтоогдсон.
Иргэний хуульд зааснаар даатгалын байгууллага нь даатгуулагч иргэн, аж ахуй нэгж байгууллагад даатгалын нөхөн төлбөрийг төлсний үндсэн дээр гэм буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй.
Шүүх хэрэг маргааныг хэлэлцээд хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг жолооч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа бусдад учруулсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийн хувьд байгууллага нь хариуцах үүрэгтэй байна гэж дүгнэсэн.
Даатгалын тухай хуульд зааснаар даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж зааснаар зам тээврийн ослын буруутай этгээд болох хариуцагч байгууллагаас даатгалын нөхөн төлбөрийн мөнгийг гаргуулан даатгалын байгууллагад олгож шийдвэрлэв.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:
https://shuukh.mn/single_case/125008?daterange=2022-01-01%20-%202023-06-28&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор