Зээл төлөх үүрэг үүсэхгүй
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.12.26, 101/ШШ2023/00057
Тоймын дугаар, огноо: № 22, 2023.05.31
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр
Иргэн А нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн 3,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг Б-гээс нэхэмжилсэн.
Хариуцагч Б нь нэхэмжлэгч А-аас урьд өмнө мөнгө зээлэн авч байсан, 2019.01.01-ний өдөр байгуулсан гэх гэрээний дагуу мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
А, Б нарын хооронд 2019.01.01-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан хэдий ч уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг бодитоор хүлээлгэн өгөөгүй, зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Иргэний хуульд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлж, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан тул зээлийн гэрээнд заасан мөнгийг хариуцагч хүлээн аваагүй тул эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэн А-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Санамж:
Энэ хураангуй нь бүрэн гүйцэт шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгожмтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. |
Шийдвэрийг бүтнээр харах холбоос:
https://shuukh.mn/single_case/125402?daterange=2022-12-01%20-%202022-12-31&id=1&court_cat=1&bb=1
Тоймыг бэлтгэсэн:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн