БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ, ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Тамхины галаас хогийн цэг шатаж, иргэний авто машинд хохирол учирчээ

Тамхины галаас хогийн цэг шатаж, иргэний авто машинд хохирол учирчээ

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2022.02.09, 101/ШШ2023/00849

Тоймын дугаар, огноо: №21, 2023.05.30 Шийдвэр хураангуй

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны  07 дугаар сарын 07-ны 18 цаг 20 минутын орчимд гал гарч, иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн 00-00 УБ… улсын дугаартай автомашин шатсан байна.

Иргэн А нь гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31,800,000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Б нь “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, Б-гийн гэм бурууг шүүх тогтоогоогүй, галын дүгнэлт гараагүй” гэж маргасан.

Хэргийн баримтаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ иргэн Г-ийн нэр дээр бүртгэлтэй боловч нэхэмжлэгч А-ийн өмчлөл, эзэмшлийн автомашин болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч А өөрийн авто машин шатсаны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж шүүх үзсэн.

Мөн галын дуудлагатай холбоотой гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж, прокурор ….бусдын эд хөрөнгийг санаатайгаар галдан шатаасан …гэх байдал тогтоогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн,  харин Б-гийн болгоомжгүй үйлдлээс бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан талаар дурджээ.

Хэргийн газрын болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчийн тайлбар зэргээс гал түймэр гарсан шалтгаан нь хариуцагч Б найз С-ийн хамт орон сууцны хогийн цэгийн хажууд тамхи татсан, Б тамхиа хогийн цэг рүү чиглэлтэй шидсэн, С газарт унаган гишгэсэн, удалгүй хогийн цэгээс утаа гарч, гал дүрэлзэн ассан нь Б-гийн үйлдэлтэй холбоотой, улмаар хогийн цэгийн хажуугийн авто машины зогсоолд байрлуулсан нэхэмжлэгчийн авто машин шатсан байна.

Эрүүгийн хэргийг шалгах явцад авто машинд учирсан хохирлын хэмжээг 49,250,000 төгрөгөөр, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч 41,800,000 төгрөг гэж тогтоожээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргаж, хохирлын хэмжээг бодитой бус гэжээ.

Иргэний хуульд бусдын … эд хөрөнгөд … болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул хариуцагч Б-гийн татсан тамхины ишээ унтраалгүй хогийн цэг руу хаясан болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарч нэхэмжлэгч А-гийн эд хөрөнгөд хохирол учирсан, уг хохирлыг Б хариуцах үндэслэлтэй гэж үзсэн.

Хариуцагч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээг үгүйсгэж чадаагүй, бага зардлаар хохирлыг барагдуулах боломжтой болохыг нотлоогүй ба нэхэмжлэгч шатсан машиныг 10 сая төгрөгөөр бусдад зарсан байх тул шинжээчийн тогтоосон 41,800,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгчийн шаардсан 31,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

https://shuukh.mn/single_case/125471?daterange=2023-01-01%20-%202023-05-30&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 5-р хороо Монгол кино үйлдвэрийн үзвэрийн байр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх

7000-9104

i_bayanzurkh@shuukh.mn