Монголын Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гадна талбайд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг үг хэлсэн. Хэлэлцүүлэгт Улсын их хурлын гишүүн Х.Баасанжаргал, Улсын Их хурлын даргын зөвлөх Д.Золжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүд, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүд болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч, иргэд, төрийн зарим байгууллагын төлөөлөл болсон 100 гаруй хүн оролцож саналаа хуваалцсан юм.
Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос хуульчдын үндсэн ажлын байр болох шүүх хуралдааны танхим, Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай хэд хэдэн удаа танилцсан байдаг. Энэхүү ажлын үр дүнд шүүх хуралдааны танхим нь гагцхүү шүүхийн байгууллагын объект гэхээсээ илүү шүүгч, прокурор болон өмгөөлөгч нарын үндсэн ажлын байр болсон, тус ажлын байрны нөхцөл, ажиллах орчныг сайжруулах замаар хуульчдын мэргэжлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой хэмээн үзсэн. Тиймээс тус хорооноос олон талын төлөөллийг оролцуулан шүүх хуралдааны танхимын стандарт нөхцөл, тулгамдсан асуудлын талаар хэлэлцүүлж, шийдвэрлэх гарцын талаар санал солилцох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.
Тус хэлэлцүүлгийн үеэр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Наянтай “Шүүх хурлын танхимын стандарт ба одоогийн нөхцөл байдал” сэдвээр, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүн, өмгөөлөгч П.Эрхэмбаяр “Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Шүүхийн Тамгын газрын төсөв ба ажлын байрны нөхцөл” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Насандэлгэр “Шүүхийн байрны өнөөгийн нөхцөл байдал” сэдвүүдээр тус тус илтгэл тавьсан.
Мөн Улсын Их хурлын гишүүн Х.Баасанжаргал, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Сүхбаатар дүүргийн ахлах прокурор Ц.Ариунжаргал, Хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүн Ш.Нарантуяа, Шүүхийн Захиргааны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ганхуяг нарыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгсөн. Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хуульч ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооны дарга Ш.Алтангадас, Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар ажилласан.
Энэхүү хэлэлцүүлгийг дүгнэж Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, Нийлэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн зөвлөмж боловсруулж эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэлэлцүүлгийн шууд бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО